P2012-06-03 - ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ МОНГОЛ УХААНЫ ГАЙХАМШИГ
ЕРТӨНЦИЙГ ҮЗЭХ МОНГОЛ УХААНЫ ГАЙХАМШИГ
Чингис хааны ертөнцийг үзэх үзлээс та бүхэнтэй хуваалцаж ярья. Яагаад гэвэл өнөөгийн бидний ертөнцийг үзэх үзлийн эхлэл нь чухам түүнд байгаа юм аа. Эзэн богд Чингис хаан маань ямар үзэл бодолтой, юу сэтгэж, юу бүтээсэн хүн юм бэ? Та бүхэн Чингисийг ямар үзэл бодолтой хүн байсан гэж боддог вэ? Тэгэхээр Чингисийг хөдсөн дээл өмссөн, сэлэм далайсан, морь унасан зэрлэг бүдүүлэг овгийн баатар гэж гадаадынхан төсөөлөн бичиж, дотоодынхон нь ч энэ төсөөллийг нь хуваалцаж иржээ. Чингис ертөнцийг үзэх өөрийн үзэлтэй байжээ. Чингис хааны ертөнцийг үзэх үзлээс зөвхөн төрийг үзэх үзлийн талаар л ярья. “Бие хэврэг, билиг мөнх” гэж Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь хүний оюун ухаан, оюун ухаанаар бүтсэн юм, хүний сэтгэлгээ мөнх юм гэсэн үг. Харин бие бол ертөнцийн жам ёсоор мөнх бусыг үзүүлээд байгаль дэлхийдээ шингэдэг. Хүн бодож сэтгэж байгаа юмаа бүтээж үлдээж чадвал тэр нь мөнх гэсэн үг. Ингэж чадсан хүн бол Чингис хаан.
Ийнхүү Чингис хаан үнэхээр аугаа хүн гэдгийг дэлхий өнөөдөр хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болсон. Чингис хаан энэ Монголоо нэгтгэхгүй бол ерөөсөө сүйрэх нь гэдгийг ойлгосон байсан. Тийнхүү хамгийн түрүүнд Монгол овогтноо нэгтгэх бодлого явуулсан. Чингисийн ухаантай, авъяастай, дайчин гэх мэт бүх чанарууд нь олон Монгол овогтны удирдагчид дотроос товойгоод ирэхээр тэдгээр овог аймгуудын ахлагчид атаархаж эхэлсэн. Ер нь манайхны нэг зовлонтой зүйл нь жаахан товойгоод гараад ирснийгээ заавал татаж унагах гээд байдаг шүү дээ. Яг тэр зүйл 13-р зуунд ч байсан байна. Чингисийг унагах гэсэн олон дайсан байсан. “Монголын нууц товчоо”-г уншихад Чингис тэдний нэг рүү нь ч довтолдоггүй, бүгд л Чингисийг довтолсон байдаг. Харин Чингис хариу бариад л байсан. Тэгсээр байгаад Их Монгол Улсыг байгуулсан. Онон мөрний хөвөөн дээр, Ононы цэгээн нуур гэж бий. Түүний хойд эрэг дээр есөн хөлт цагаан тугаа босгоод Их Монгол Улсаа байгуулахдаа Чингис хаан, “Мунгинан явж, намайг зовон зүдэж зонхилон хурахуй мунлаж зоволдон жаргалдан хүчээ үлэмж өгсөн молор эрдэнэ мэт энэ бүх Бэтэ улс минь мүнээ үзтэл зовбоос бээр ерөнхийгийн гол болсноор хөдлөхийн дээд Хөх Монгол гэж хэмээгдэжүхүй” гэж хэлжээ.” Хөх Монгол гэдэг нэр эндээс үүдэлтэй. Энэ бол Саган цэцний “Эрдэнийн товч”-д бичээстэй байгаа. Их Монгол Улс аугаа их хаантай, аугаа их хаанаа сонгодог их хуралдайтай байсан. Хуралдай гэдэг нь одоогийн парламент шүү дээ. Монгол бичиг гэдэг төрийн бичигтэй, улсын шүүгчтэй, шүүгч нь Шихихутаг, улсын зурхайчтай, тэр нь Үсүн гэдэг хүн байсан. Дөрвөн түмэнд хуваасан засаг захиргааны нэгжтэй, аравтын тогтолцоонд хуваасан цэргийн зохион байгуулалттай. Төрийн алтан аргамжааны бодлоготой. Энэ нь дипломат бодлого шүү дээ. Төр улс ямар байх ёстой, тэр бүхнийг цогцлуулсан улсыг Чингис хаан анх байгуулжээ. Хуралдайгаар сонгогдоод хаан болчихлоо. Төрийг яаж барих вэ? Чингис хааны төр барих бодлогыг “Төрийн алтан хайрцагны бодлого” гэдэг байсан. Энэ бодлогод Их Монгол Улсын хуралдайгаар сонгогдсон хаан авч явах ёстой гэж үзэж байсан нь Би гадас болж өрийг бэхлэн сахиж Аргамж болж Улсыг барин хатуужсу гэж хэлснээс нь илт юм. Шударга, харцаа дэмждэг, хамгийн мэргэн ухаантай хүнийг авч ажиллуулж чаддаг, ард түмнээ жаргааж, төрийнхөө эв нэгдлийг баталгаажуулж чаддаг гэх мэт олон сайн шинж чанарыг агуулсан хүн л хаан болж чадна. Энэ нь Чингисийн үр хүүхэд, жанжин цэрэг нартаа сургасан сургаал, захисан захиасаас нь тодорхой байдаг. Тухайлбал, “Хаан хүний явдал үсний төдий ч хуурмаггүй, үг бүр үнэн болбоос тэр сая хааны явдал...” гэх буюу “Өчигдөр сая сууриндаа сууж хаан болмогц энэ өдөр улсын хэргийг орхиж, биеийн жаргалыг эрвээс эдүгээ их төрд харшин, хойтод үр ач нарт муу суртал болмуй: Дэлхий дахины ямарваа үйлс зүтгэхээс бүтмүй. Алжуугаас бүрэлмүй” гэж айлдаж байлаа. Мөн “Өргөмжлөх цолыг миний үр ач нар бүү хэрэглэ. Өөрийгөө ихэмсэглэн магтах, магтуулах хэрэггүй. Өөрийнхөө нэр дээр “хаан” гэдэг ганц үгийг л нэмэхэд болно” гэж захиж байлаа. Тэгвэл төр нь ямар байх ёстой вэ?
“Хаан хүний төр харанхуйд үл төөрөлдьюү. Ханьд үл эндэгдьюү” хэмээн нэгэнтээ Чингис хаан хэлсэн байдаг. Энэ нь элдэв хүмүүсийн ятгалга, элдэв санаанд автахгүй, нэгдмэл нягтармал, эв нэгтэй төр байх ёстой гэсэн үг юм.
Хүүхдүүд ээ, та нар бол монгол ээжийн ангир уургийг хөхөж, монгол эхийн бүүвэйн эгшгээр манцуйнаасаа гарч, өнөөдөр Монгол Улсыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах гэж байгаа гоц авъяастнууд юм байна шүү дээ. Би их баярлаж байна. Монголчууд дотор олон гоц авъяастан, болдогсон бол бүгдээрээ гоц авъяастан байгаасай. Тиймээс та бүхэн Чингис гэдэг энэ аугаа хүнээ, Чингисийн энэ аугаа бодлогыг судлах хэрэгтэй. Чингисийг манай эзэн хаан гэж мухар сохроор шүтэхээсээ өмнө ертөнцийг үзэх үзэл, дотоод оюун сэтгэлгээгээрээ ямар хүн байсныг мэдэх хэрэгтэй. Тэгвэл бид түүн дээрээ дөрөөлж урагш хөгжинө. Та аль 800, 900 жилийн өмнөх Чингис хаан гээд улирсан баларсан юм яриад байх юм гэж зарим хүн хэлдэг. Энэ буруу. Яагаад гэвэл өнгөрсөн үе дээрээ суурилж байж өнөө үеэ бүтээн байгуулдаг учраас өнгөрснөө мэдэж байж ирээдүйгээ тодорхойлно. Та ирээдүйн тухай ярь л даа гээд байдаг. Би ирээдүйг харж чадахгүй. Би үзмэрч биш. Ирээдүйг харж болохгүй. Харин төлөвлөж болдог. Ирээдүйд тийм юм хийнэ гэж төлөвлөж болно. Бүтэх эсэхийг хэн ч мэдэхгүй. Тэрнийг бүтээхийн тулд бид өнгөрсөн түүх дээрээ суурилах ёстой.
“Алтан товч” -д Чингис хаан бол хаан хүний 35 эрдмийг эзэмшсэн байсан” гэж гардаг. Чингис хаан яагаад энэ Бурхан халдун дээр гарч бясалгал хийдэг байсан юм бол гэж би боддог. Чингис хааны үзэл суртлын гол баримтлал нь Мөнх Тэнгэр гэж байлаа шүү дээ. Тэр үзэл баримтлалаар бол Мөнх Тэнгэрээс ирж байгаа эрч хүч, дэлхийгээс цацарч байгаа эрчим хүч хоёрын солбицол дээр Чингис хаан бясалгал хийдэг байсан. Тэнд гурван хоног сууж бясалгал хийгээд, “Бид дайнд ялах юм байна” гээд л морддог байж шүү дээ. Хятад руу аян дайнд мордохдоо ч тэгсэн. Сартуул руу ч мөн адил. Хүнээс байнга энерги, эрчим хүч цацарч байдаг. Энэ бол шинжлэх ухаанаар хэдийнээ нотлогдоод баттай болчихсон зүйл. Чингис хаанд өөрт нь онцгой эрчим хүч байсан. Өөрөөр хэлбэл, тэнгэрээс ирж байгаа дохио, газраас ирж байгаа эрчим хүч хоёрыг солбицол дээр суугаад юмыг онцгой мэдрэх чадвартай байсан. Дээр нь хаан хүний 35 эрдэм нийлээд энэ хүн дэлхийн мянганы суут хүн болж чадсан.
Ер нь хүн амжилтад хүрье гэвэл авъяас билгээс гадна оролдлого, зүтгэлтэй байх хэрэгтэй. Өнөөдөр монголчууд барилдаан, зодоон биш оюун ухааныг шүтэх хэрэгтэй. Бид үзэлцвэл оюунаараа үзэлцье л дээ. Үүнийг л Монголын хүүхэд залууст захина. Би үүнийг телевизээр ярих болгондоо хэлдэг. Өнөөдөр ч би үүнийгээ давтаад л хэлж байна. Оюун ухаан мандах болтугай. |
Сэтгэгдэл бичих
:: Найздаа илгээх |